Ринчен Нямаа

Монголын анхны нүдний мэргэжилтэн,Сүрьеэгийн анхны эмч

1923 онд төрсөн


Намтар:

Боловсрол:

1936 онд Улаанбаатар хотод одоогийн багшийн их сургуулийн зүүн талд байрлаж байсан үлгэр жишээ дунд сургуулийг сайн дүнтэй төгсчээ. 1938-1941 он хүртэл худалдааны техникум, 1-р 10 жилийн сургуульд орчуулагч багшаар ажиллаж байгаад, 1942 онд тус улсад шинээр байгуулагдсан МУИС-д элсэн орж 1947 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг онцсайн дүнтэй төгсөв.

Ажлын түүх:

1947-1948 онд Зайсангийн аманд хуучин халдвартын эмнэлгийн зүүн хэсэгт байрлах цөөн ортой ясны сүрьеэгийн эмчээр ажиллаж эхэлжээ.Тухайн үед үндэсний нүдний эмч байхгүй байгааг харгалзан нүдний эмч бэлтгэх шаардлагатай байв. Улмаар1948 онд Төв эмнэлгийн нүдний тасагт эмчээр шилжиж ажиллаж эхэлсэн билээ. Тэрээр Улсын Нэгдсэн Төв эмнэлэгт нүдний эмчээр 1948 оноос 1961 он хүртэл ажилласан. 1963 оноос 1995 он хүртэл АУДэС-д багш, зөвлөх эмч, тэнхмийн эрхлэгч, декан, ЭХЯ-ны ёрөнхий мэргэжилтэн, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн тэргүүлэгчээр ажилласан. 1995 оноос тэтгэвэрт сууж, улмаар УКТЭ-ийн нүдний тасгийн зөвлөх эмчээр ажилласан.

Р.Нямаа нь нүдний тэнхим байгуулагдахаас өмнө 1956 оноос нүдний хичээлийг цагаар зааж эхэлсэн. АУДэС–ийн эмчилгээний факультетийн деканыг 10 жил, нүдний тэнхимийн эрхлэгч 1963-1991 он хүртэл ойролцоогоор 28 жил хийсэн. 40 гаруй жил багшлахдаа олон зуун оюутанд мэргэжлийн хичээл зааж сурган гаргасны дээр 60 гаруй эмч нарыг курсээр нүдний эмчийн нарийн мэргэжилд дагалдуулан сургаж, ординатурын сургалтаар 20 гаруй эмчийг, нэг ба хоёрдугаар зэрэгтэй 10 гаруй эмчийг бэлтгэн сургасан.

Эрдмийн ажлуудаас:

1955-1956 онд Москва хотод ординатурт, 1961-1963 онд аспирантурт суралцаж Москва хотын Сеченевийн нэрэмжит 2-р институтийн нүдний кафедерт "Мицерин в борьбе с конъюнктивитом" сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

Гавъяа шагнал:

Р.Нямаа нь сургалт болон эмчилгээнд олон зүйлийг шинээр санаачлан нүдний практикт нэвтрүүлсэн бөгөөд хагас дамжуулагчаар бүтээсэн хөргөгч аппаратыг болрын мэс заслын практикт анхлан нэвтрүүлсний учир 1978 онд ШУТ-н Улсын хороо, МХЗЭ-ийн Төв хороо, Монголын шинийг санаачлагчдын нийгэмлэгийн зөвлөлөөс тус тус шагнуулж байсан. Нүдний даралт ихсэх өвчний үед хийгддэг мэс ажилбарын нэр төрлийг олшруулж иридоциклоретракци, иридонуклейзис, гүн склерэктоми, синусотрабекулэктоми зэрэг мэс заслын аргуудыг нүдний практикт амжилттай нэвтрүүлэн шавь нараа сургасан. Мөн торлог бүрхүүлийн сөнөрлийн үед нүдний алимны шулуун булчингаас хэсэгчлэн салаалж суулгах арга, торлог бүрхүүлийн хууралтын үед хэрэглэх аргуудыг шинээр нэвтрүүлсэн. 1955 онд Одесс хотод Филатовын курст эвэрлэг нүүлгэн шилжүүлэх мэс засалд суралцан ирж Монголд анх удаа эвэрлэг нөхөн суулгах хагалгааг 1956 онд амжилттай хийж, цаашид олон шавь нартаа сурган өвлүүлсэн юм .



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт