
Балдан Сосор
Монгол Улсын анхны эмэгтэй тээвэрчин
1922 онд төрсөн
Намтар:
Боловсрол:
1940-1941 онд Монголын анхны жолооны сургууль болох "Монгол Тээх"-д суралцаж, жолоочийн 299 тоот үнэмлэхтэйгээр төгсчээ.
Ажлын түүх:
1941-1943 онд Цэрэгжүүлэн харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий захирах газарт жолоочоор, 1943-1946 онд 6 дугаар Гар үйлдвэрт засварчнаар, 1947-1949 онд Хотын гал командад, 1952-1954 онд Хотын түргэн тусламжийн баазад, 1956-1958 онд Төмөр замын 1 дүгээр баазад, 1960-1967 онд ХХҮЯ-ны авто баазад, 1967-1973 онд Сүүний үйлдвэрийн авто баазад жолоочоор тус тус ажиллаж байв.
Б.Сосор нь Монголын анхны эмэгтэй жолооч нарын нэг бөгөөд 1940-1973 онд улс орныхоо тусгаар тогтнолоо бэхжүүлэх, цэцэглэн хөгжүүлэхэд анхдагч эмэгтэй жолоочоос эхлэн залуу насныхаа эрч хүчийг техникийн ололттой хослуулан хөдөлмөрийн хүнд хүчрийг хэнээс ч дутахгүй үүрч, 1945 оны чөлөөлөх дайны ялалтыг авчрахад фронтын ар талд онцгой цэрэгжүүлсэн байгууллагуудад идэвх зүтгэлтэйгээр ажилласны зэрэгцээ улс нийгмийнхээ социалист бүтээн байгуулалт, өнөөгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулсан хөдөлмөрч нэгэн байлаа.
Гавъяа шагнал:
Улсын хувьсгалын 25, 50 жилийн ойн медаль, үйлдвэрийн "Ударник" тэмдэг, "Алтан гадас" одон, Монгол Улсын "Онц тээвэрчин", "Осолгүй манлай жолооч" цол тэмдэг, Автотээврийн болон Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний ойн Хүндэт тэмдгүүд, Баянзүрх дүүргийн Хүндэт тэмдэг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын Хүндэт тэмдгээр тус тус шагнажээ.