
Минжүүр Болд
Найруулагч
1910 онд төрсөн
Намтар:
Боловсрол:
1926 онд бичиг үсгийн түр сургууль, 1928 онд Хууль цаазны түр сургуулийг тус тус төгссөн.
Ажлын түүх:
1926 онд Хотын Намын Хороонд бичээчээр ажиллав.Улсын Дээд Шүүхийн гишүүний сонгууль хүлээж, Улсын 6-р хуралд төлөөлөгчөөр оролцож Улсын Бага Хурлын гишүүн болсон. М.Болд 1930 оноос Төв хоршооны ерөнхий хороонд ажиллаж байхдаа ажлын хажуугаар Монгол улсын төв театрыг байгуулах бэлтгэл ажлын эхлэл, Ц.Гомбожав, А.Ефремов нарын санаачлан байгуулсан театрын түр сургуульд Улсын их дэлгүүрийн худалдагч байсан Доржийн Цэрэндулам /АЖ/, Банзрагчийн Равдан нарын хамт суралцан 1931 онд төгсөж Улсын Төв Театрын анхны жүжигчдийн нэг болсон. М.Болд 1933 онд Монголын театр "Харанхуй засаг" жүжгээр Москвад болсон дэлхийн ажилчны театруудын олимпиадад оролцож тоглосон олон улсын 22 театрын тоглолтоос хоёрдугаар байранд орж байхад ядуу ард эмэгтэйн дүрд тоглож явжээ. 1938 оны 11 сараас Цэргийн клубт туслах найруулагчаар томилогдон 1 жил шахам ажиллаад 1939 оны 10 сараас Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар томилогдсоноор насан туршид ажиллах гал голомтондоо иржээ М.Болд бол чухамдаа Монголын киноноос төрсөн анхны эмэгтэй найруулагч төдийгүй 1939 оноос зохиолч, найруулагч Төмөрийн Нацагдоржийн дараахь хоёрдахь найруулагч бөгөөд тухайн үедээ баримтат, уран сайхны аль алинд хүчээ зориулж явсан, хойч үедээ үлгэр дуурайлал болсон хүндтэй нэгэн байсан билээ.
Гавъяа шагнал:
"Урлагийн гавьяат зүтгэлтэн" цол, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", "Алтан гадас одон", "Хөдөлмөрийн хүндэт медаль" болон бусад ойн дурсгалын медалиудаар шагнаж байсан бөгөөд Монголын анхны кино үйлдвэрийг өлгийдөн авч эрч хүчийг авахуулахад бодьтой нэмрийг оруулсан "өрлөг" эх гэмээр нэгэн ачтан билээ.
Уран бүтээлээс:
Морин цэрэг танкист", "Хил дээр хэрэг", Сүхбаатар", "Цогт тайж" /хоёр анги/, "Бидэнд юу саад болж байна", "Салхины амт", "Морьтой ч болоосой", "Энэ хүүхнүүд үү", "Ардын элч", "Хүргэн хүү", "Тэмцэл" зэрэг уран сайхны кинонуудад эвлүүлгийн болон хоёр дугаар найруулагчаар ажилласны гадна жүжигчний мэргэжилээ орхилгүй "Сүхбаатар", "Цогт тайж", "Баясгалан", "Морьтой ч болоосой", "Салхины амт", "Өндөр ээж", "Тунгалаг тамир" гэх мэт уран сайхны кинонуудад тоглож өвөрмөц дүрийг бүтээн гаргажээ.