
Нэмэндэй Янжмаа
БНМАУ-ын төрийн тэргүүн
1893 онд төрсөн
Намтар:
Нэмэндэйн Янжмаа 1893 оны 2-р сарын 6-нд Их хүрээ (Одоогийн Улаанбаатар)-нд мэндэлжээ. Сүхбаатарыг нас барсны дараагаар тэрээр нөхрийн нэрээр овоглох болж, Сүхбаатарын Янжмаа гэгдэх болжээ.Нэмэндэйн Янжмаа 1922 онд намын Төв хорооны дэргэд "Эмэгтэйчүүдийн бүлгэм"-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга, Эмэгтэйчүүдийн Хэлтсийн дарга,1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байв. 1927-1930 онд ЗХУ-д суралцаж, шинэ цагийн боловсролтой эмэгтэйчүүдийг манлайлж явжээ. Тэрээр УБХ-ын Тэргүүлэгч, 1951 онд АИХ-ын орлогч дарга, тэргүүлэгч гишүүнээр сонгогдон, 1953 онд АИХ-ын даргаар сонгогдон ажиллаж, дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрчээ.
Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг олон улсад таниулах, хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулж, 1946 онд Москва хотноо болсон Дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралд эрдэмтэн зохиолч Э. Оюуны хамт оролцож, 1947 онд Прага хотод хуралдсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны их хуралд илтгэл тавьж байжээ. Улмаар 1948 оны 06 дугаар сард Париж хотноо зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнд уран хатгамал нэхмэлийн бүтээл тавьж, өөрийн орны эмэгтэйчүүдийн ажил үйлсийг сурталчилсан байдаг.
Н.Янжмаа эмэгтэйчүүдийн төлөө зүтгэсэн их зүтгэл, хөдөлмөрийнхөө хажуугаар МАН-ын Төв хорооны тэргүүлэгч, Намын Төв комиссын гишүүн, Үйлдвэрчний Ерөнхий хорооны орлогч дарга, Эд хэрэглэгчдийн хоршоо, Улсын хэвлэлийн хорооны дарга зэрэг сонгуульт болон хариуцлагатай ажлуудыг хашсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв.