
Дорж Мөнхөө
Төр, нийгмийн зүтгэлтэн
1943 онд төрсөн
Намтар:
Боловсрол:
1966 онд АУДэС-ийг хүүхдийн их эмч мэргэжлээр төгсчээ.
Ажлын түүх:
1966-1972 онд Сэлэнгэ аймагт сумын их эмчээс аймгийн ЭХГ-ын дарга хүртэл 6 жил ажиллаад 1972-1992 онд төрийн болон төрийн бус байгууллагуудад хэлтсийн даргаас эхлэн яамны орлогч сайд, улмаар МЭХ-ны даргаар ажиллажээ. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 1999 оноос НҮБ-ын Хүн амын санд төслийн зөвлөх, менежер, ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Тэрбээр эрүүл мэндийн салбарын бүхий л чиглэлд анхаарч ажиллаж байсны дотор эх, нялхсын эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр голлон ажиллажээ. Улаан загалмай байгууллагад авлагагүй донорын хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх, Улаанбаатар хотод дутуу нярай хүүхдийг торниулах тасаг байгуулах, эх нялхсын төвийг зохион байгуулах, мэргэжлийн боловсон хүчнээр хангах зэрэг олон ажлыг зохион байгуулсан нь үр дүнд хүрчээ. УИХ-ын гишүүн байхдаа эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байна. Сүүлийн жилүүдэд НҮБХАС-гийн улс орныг дэмжих II, III хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөө, тусламжаар хангах, жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, хүний эрхийн асуудал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг батлуулах зэрэг асуудалд анхаарал тавин ажиллаж буй ажээ. 1997 онд "Гал голомт" үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллагыг байгуулалцаж тэргүүнээр нь ажиллаж байна.
Гавъяа шагнал:
НУБ-ын Хүн амын сангийн хөтөлбөр дэмжих багийн менежер, ахлах зөвлөх байхдаа Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан,1996 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1991 онд "Алтан гадас" одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.