Эрдэнэбат Оюун

Зохиолч, найруулагч

1918 онд төрсөн


Намтар:

1918 онд одоогийн Улаанбаатар хотод төржээ. 1934 онд Улаан-Үд хотын рабфакт, 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд аспирантурт суралцсан. Монголын театрын өв уламжлал, хөгжлийн зүй тогтолыг анхлан судалж, 1960 онд "Монголын театрын ардын үндэслэлүүд" сэдвээр урлаг судлалын ухааны дэд докторын зэрэг хамгаалсан байна. 1935 онд Ардыг гэгээрүүлэх яаманд орчуулагч, 1936-1957, 1963-1975 онд одоогийн Үндэсний бүжгийн эрдмийн театрын найруулагч, уран сайхны удирдагч, 1960-1962 онд "Монгол кино" үйлдвэрт, 1968-1969 онд ДБУТ-т уран сайхны удирдагч, 1962-1963 онд МАХН-ын Төв хороонд Соёлын хэлтсийн эрхлэгч, 1975-1987 онд Монголын урлагийн ажилтны холбооны дарга зэрэг алба ажлыг 51 жил хашжээ.

1940-өөд оноос эхлэн "Шинэ хүн", "Хот айл", "Би эндээс явахгүй, "Хайр", "Гарваа" зэрэг жүжиг, "Түрийвчит Түдэв", "Шуудан хүргэгч Цэрмаа", "Хурандаа шинель" зэрэг олон өгүүллэг бичиж, "Ах дүү нар" жүжгээрээ төрийн шагнал хүртсэн нэрт зохиолч байжээ. Н.Гоголийн "Байцаагч түшмэл", В.Шекспирийн "Лир ван", Ф.Шиллерийн "Хар санаа, хайр сэтгэл", К.Симоновын "Орос хүн", Н.Погодиний "Буутай хүн" , Софоклийн "Эдип хаан", Г.Ибсений "Нора" жүжиг, "Чио Чио сан", "Отелло", "Октябрь", "Алеко" дуурь зэрэг дэлхийн сонгодог болон орос, зөвлөлтийн алдарт зохиолчдын 50 гаруй жүжиг, дуурийг орчуулан тоглуулж, жүжиг орчуулах арга зүйг буй болгоход их хүч хөдөлмөрөө зориулжээ. Д.Ичинхорлоогийн "Залуу эх Замбага," Ч.Ойдовын "Зам", "Цолмон", Л.Ванганы "Эмч нар", Д.Намдагийн "Шинэ байшинд", "Ээдрээ", Ч.Лодойдамбын "Гарын таван хуруу", В.Шекспирийн "Лир ван" зэрэг жүжгийг найруулж тоглуулсан нь Монголын тайзны урлагийн санд хүндтэй байр эзэлдэг байна.

Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын гурван удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв хорооны орлогч, жинхэнэ гишүүнээр сонгогдож байсан. Түүний нөр их хичээл зүтгэлийг үнэлж 1942 онд УГЗ, 1945 онд МУАЖ, 1946 онд Төрийн шагнал хүртээжээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт