“ДАЯН ДЭЛХИЙН МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМТДАА”
төрийн бус байгууллага

"Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа" ТББ нь 2016 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Хилийн чанад дахь монголчуудын ТББ-уудын II чуулга уулзалтаар дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдийн санал санаачлагаар үүсгэн байгуулагдсан билээ.

Гариг ертөнцийн өнцөг булан бүрт амьдран сууж, ажиллаж, хөдөлмөрлөж буй монгол эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, хүчирхэг болгох, хоорондын түншлэлийн сүлжээг бий болгох, охид, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө хамтран ажиллахаар хүсэл тэмүүллээ нэгтгэхийг зорьсон.

Энэхүү санаачлага нь 2012 онд ИБУИНВУ-ын Лондон хотноо банк санхүү, бизнес, хууль эрх зүй, соёл, урлаг, телевизийн салбарт амжилттай ажиллаж буй хэсэг бүлэг монгол эмэгтэйчүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны үйл ажиллагааны цар хүрээний тэлэлт юм. Учир нь зөвхөн Европ дахь монгол эмэгтэйчүүд нэгдэж хамтран үйл ажиллагаа явуулах бус, түүнчлэн Австрали, Япон, Солонгос, АНУ, Канадад ажиллаж амьдардаг бизнес эрхэлдэг олон эмэгтэйчүүд хамтран ажиллах санаачлагыг гарган энэхүү үйлсэд нэгдэхийг хүссэн учраас бүх дэлхийд тархан суугаа монгол эмэгтэйчүүд хүчээ нэгтгэн эе эвээ хамгаалан хамтран ажиллая гэдэг уриан дор нэгдэж бий болсон түүхтэй.

Тус холбоо нь дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа монгол эмэгтэйчүүдийг нэгтгэх хүрээнд мэдээллийн бааз бүрдүүлэх, сүлжээг бий болгох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг хийж байна. Бидний хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын нэг бол нэгэн зууны бахархалт монгол эмэгтэйчүүдийг алдаршуулах зорилго бүхий "Зууны 100 эмэгтэй" төслийг санаачилсан явдал юм. Энэхүү төслийг 2018-2021 онд хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна.

Эрхэм хүндэт Та бүхнийг бидний санаачилсан энэхүү төсөлд нэгдэж хамтдаа зууны 100 эмэгтэйг алдаршуулах ажилд гар бие оролцохыг уриалж байна.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт