Бахархалт эмэгтэйчүүдийг алдаршуулах "Зууны 100 эмэгтэй" төсөл

Энэхүү төсөл нь Монгол улсын түүхэн хөгжил, цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулсан бидний бахархалт, авьяаслаг, гайхамшигт охид, эмэгтэйчүүдийг танин мэдэх, алдаршуулах зорилгоор санаачлагдсан билээ.

Төрт ёс үүссэн цагаас хойш хичнээн олон монгол эмэгтэйчүүд бидний нийгмийг бүтээн өнөөдөр энэ их өвийг бидэнд үлдээхэд хичнээн их хувь нэмэр оруулж ирснийг бид таашгүй, бас үнэлшгүй. 1921 оны Ардын хувьсгалаас өнөөдрийн ардчилсан нийгмийг бүтээхэд жендэрийн тэгш эрхийг хангах, иргэдийн сурч боловсрох, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн хөгжил дэвшлийг удирдан чиглүүлэхэд Монгол эмэгтэйчүүд манлайлан өөрсдийн үүргээ нэр төртэйгээр биелүүлж салбар салбарт гарамгай амжилтаар тэргүүлж ирснийг бид болон бидний хойч үе мартаж үл болно.

Нийгмийн бүхий л салбарт ажиллаж, хөдөлмөрлөж буй залуу охид, эмэгтэйчүүдийг тухайн салбарт манлайлагч, шинийг санаачлагч, удирдагч болоход уриалан дуудах, жендэрийн тэгш байдлыг хангахад эмэгтэйчүүдийн авьяас, чадварыг нийгэмд таниулах нь чухал юм.

Иймээс 1921 оны Ардын хувьсгалаас 2021 он хүртэлх нэгэн зуун жилийн хугацаанд шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл, урлаг, улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан охид, эмэгтэйчүүдийн гавьяа зүтгэл, ололт амжилтыг олон нийтэд таниулж эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, хариуцлагын талаар залуу охид, эмэгтэйчүүдэд ойлгуулах, бахархах сэтгэл төрүүлэх, үлгэр дуурайлал үзүүлэх, жендэрийн хэвшмэл буруу ойлголтыг арилгахад энэхүү төслийн зорилго оршино.

Нэгэн зууны түүхийг бүтээлцсэн эмэгтэйчүүдийн намтар, түүх, гаргасан ололт, амжилтын талаар судлан шилдэг зуун эмэгтэйг шалгаруулах, ингэхдээ судалгаа шинжилгээний аргыг ашиглахаас гадна олон нийтийн санал асуулга явуулах зарчмыг баримталж цахим мэдээллийн сан бүрдүүлж "Зууны зуун эмэгтэй" шалгаруулах ажлыг зохион байгуулахаар энэхүү төслийн ажлыг эхлүүлээд байна.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд Монгол улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан зууны шилдэг зуун эмэгтэйг шалгаруулж шалгарсан эмэгтэйчүүдийн тухай цуврал нэвтрүүлэг хийх, ярилцлага, шторкууд бэлтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, чуулга уулзалт, эссе бичлэг, илтгэх урлагийн тэмцээн уралдаан зохион байгуулах, улмаар энэхүү зууны зуун эмэгтэйн талаар ном бүтээн олны хүртээл болгох юм.

Зууны зуун эмэгтэй шалгаруулах төсөл нь хэд хэдэн үе шаттайгаар явагдах бөгөөд 2018-2021 онд хэрэгжихээр төлөвлөсөн. Төслийн явцад хамтран ажиллах байгууллага, хамт олон, хувь хүмүүст нээлттэй байх болно.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт